Хол явж барилдаагүй
Сумын заан
Хот орж зодоглоогүй
сумын заан
Армийн гурван жил
Хил дээр зогсож
Аз дутаж
"Алдарт"-т ороогүй
Сумын заан
Ардын хувьсгалын их баяр наадамд
Аваргуудыг
Араажваар цоллоход
Өөрийгөө цоллосон шиг баярладаг
Гуяан алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн шиг
Эрэлд явж
"Эр бор харцагыг"
Тэрлэгээ гандтал хээр дуулж
Морь шинжиж өссөн бас
Өтлөх
Сумын заан
Хорьтойдоо сурсан
Ганц мэхээ
Хориогүй ч хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс залууг
Зартайгаас зааныг ч давдаг
Заан
Ганц тэр мэх нь гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл
Бардам зан
Хүүхнүүдийн харц
Засуултай нь ч бас хамт
Дунгуйлдаж хаячихаад
"Манаатай хө" гэж
Адуундаа яараад
Манантай уулруу дэргүүлж одоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
Наадмаа чимсэн заан
Настнаа баясуулсан заан
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж
Сур элдэж
Адуу дэллэж
Сумандаа л барилдаж
Дандаа биш гэлээ ч түрүүлж
Даага хөтөлсөн сумын заан
Дээс алхаж барилдахаар
Одвол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөд арсаж зодоглохоор
Одвол
Өвгөд нь уйдах сумын заан.
Link to this comment:
All Comments (0)